2024 оны 4-р сарын 19-ны өдөр Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Николай Ван Тайваний засгийн газрыг төлөөлөн 50 мянган ам.долларыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт гардуулан өгч, зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивын арга хэмжээг зохион байгууллаа. Тус хандивын мөнгийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Н.Болормаа төлөөлөн хүлээн авав.
Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын дундуур сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшиг тохиолдож, дөрөвдүгээр сарын байдлаар гамшигт өртөн хорогдсон малын тоо зургаан сая даваад байна. Жилээс жилд Монгол Улсад зудын гамшиг тохиолддог ч энэ онд цаг агаар, уур амьсгалын огцом өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн талбай цас мөсөөр хучигдаж, зудад нэрвэгдсэн газар нутгийн цар хүрээ тэлж, Монголын олон мянган малчдын амьжиргаанд хүнд, хэцүү нөхцөл тулгараад байна.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, “Энэ оны 4-р сарын 3-ны өдөр Тайваньд хүчтэй газар хөдлөлт тохиож их хэмжээний хохирол амссан явдалд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ Тайваниас Монгол улсад зудын гамшигт нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлж буй явдалд талархаж байна. Тус хандивын мөнгийг бүхэлд нь Өмнөговь, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг таван аймгуудын 500 малчин айл өрхөд зориулах бөгөөд зудын гамшигт нэрвэгдсэн малчдад зудыг даван туулахад нь тусална гэж найдаж байна.” гэв.
Төлөөлөгч Николай Ван хэлсэн үгэндээ, “Тайваний халуун сэтгэл хэнийг ч орхигдуулахгүй бөгөөд бид гуравдугаар сарын дундуур 2,400 ширхэг малын тэжээлийн багц, Каритас Монгол байгууллагад 50 мянган ам долларыг хандивласан бөгөөд эдүгээ дахин Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт 50 мянган ам долларыг хандивлаад байна. Монгол Улсад суугаа олон улсын олон байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд бүгд зудын аюулд нэрвэгдээд байгаа малчдад туслах хандивын аянд нэгдээд байгаа билээ. Тайвань ч мөн урт хугацааны туршид Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад ч мөн малчдад туслах аянд нэгдэж байна. Энэхүү хандивын тусламж зудын гамшигт нэрвэгдсэн малчдад зудыг даван туулахад нь туслана гэдэгт итгэж байна. Тайваньчууд цаашид ч “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” (Taiwan Can Help, Taiwan is Helping) үзэл санааг хэрэгжүүлсээр байх бөгөөд цаашид ч Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран Монгол оронд тусламж хэрэгтэй айл өрхөд тусласаар байх болно.” гэв.