“Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын” (цаашид “Монгол дахь хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” гэж товчлох) шинэ оффисын нээлтийн үйл ажиллгаа 2018 оны 06 сарын 18-ны өдөр болж өнгөрлөө. Тус нээлтийн үйл ажиллагаанд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн ТУЗ-ийн дарга Шяо Ли Минаар ахлуулсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх захирал Хө Сү Циу зэрэг онцгой зочид Монголд хүрэлцэн ирж, Монголын хүүхэд, гэр бүлийг дэмжих үйлс дэхь чухал өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол дахь хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн шинэ оффис нь нийт 910мкв талбайтай, ажилчдын оффис өрөөнөөс гадна хүүхдийн номын сан, урлагийн өрөө, агуулах, хурал сургалт зохион байгуулах өрөө зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж болохуйц, бүрэн тоноглогдсон, саруулхан өрөө танхимтай болжээ.
ТУЗ-ийн дарга Шяо Ли Мин хэлсэн үгэндээ “Монгол дахь хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь гадаад улсад байгуулагдсан хамгийн анхны үйлчилгээний төв юм. Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан байгуулагдсанаасаа хойш 14 жилийн хугацаанд Монгол, Киргиз, Свазиланд, Вьетнам, Камбодж, Иордан зэрэг зургаан улс оронд үйлчилгээний төвөө байгуулж, тэдгээрээр дамжуулан гадаадын ижил байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төв байгууллага нь нийт 35 улс орны 110 мянга гаран хүүхдэд хүрч ажилласан байна. Хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь дэлхийн улс орны амьдралын түвшин доогуур хүүхдүүдийн бие даасан, бүтээлч чадварыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэлээ.
Тус нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир Монгол дахь хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас 14 жилийн турш ядуу буурай эмзэг давхаргын хүүхдүүдийг анхаарал тавин халамжилж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, тус сангаас жил болгон 20 гаран халамжийн төсөл хэрэгжүүлж буйг дурьдаад, халамжид хамрагдаж буй хүүхдүүдийг эрүүл энх, баяр хөөртэй өсөж торнихыг хүсэн ерөөлөө.